B.DOGMID
Бичсэн ZOS23 , 11 сарын 5, 2007
Б.Догмидын дотоод сэтгэлийн хураангуй
2007.08.1 Утга зохиол урлаг
<!–admin–>
Хайрлан дурлаж, хагацан салж, харамсан гашуудаж, асан дүрэлзэж явсан минь олон. (Зохиолчийн сэтгэгдлээс)
Өөрийгөө хурцлахын утга
Бидний үеийнхэн муу Догмидыг хичнээн үхсэнийг мэднэ. Би архин далайд хүртэл жолоо алдан үхэж явсан хүн. Гэхдээ үхлийг дандаа ялан дийлж, сөрж гарч ирснийг минь өнөөдрийн хүүхдүүд мэдэхгүй байж болно. Саяхан хүртэл Ч.Билигсайхан намайг С.Эрдэнэ багшийнхаа бүтээлээс үгүүллэг “хулгайлсан” мэтээр бичиж, шүүмжийн сумаар зүрх рүү буудаж л байна. Би ийм “буудалт”-д тэгж амархан сөхөрчих хүн биш. С.Эрдэнэ агсан бол миний ганц багш бөгөөд уран бүтээлд минь хамгийн өндөр үнэлгээ тавьсан хүн. Тэр амьд сэрүүндээ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Б.Догмид ч том амьтан даа, базарваань. Үгүүллэгийн хувьд толгойд гарсан хүн шүү”гэж миний үгүүллэгүүдэд үнэлгээ өгсөн байдаг юм, “Өдрийн сонин”-ы 1999 оны 161 дугаарт бий дээ. Би тэгж багшийнхаа богц руу гараа дүрж нүгэл үйлдэх хүн биш. Миний тэр бичсэн үгүүллэг үндсэндээ бодит хүний үнэн түүхийг үгүүлсэн уран сайхны найруулал. Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдаач Ганбатын аав нь нэртэй нисэгчдийн нэг байсан юм. Тэр хүний л тухай найруулал. Ийм зүйлийг, тийм том хүний уран сайхны нээлтийг зээлдэн бичих гэж байдаггүй юм. Хэний ч санаанд буухгүй хэрэг. З.Түмэнжаргал Х.Чилаажаваас “будаа идэж”, Б.Догмид үгүүллэгийн “хулгайч” гэгдэж байгаа нь нөгөө “тамын тогооны үлгэр” л дээ. Ер нь уран зохиолын амьдралд хямрал гүнзгийрч, уналтын шинж мэдрэгдэх боллоо. Ялангуяа үргэлжилсэн үгийн төрөл зогсонги байдалд орж байна. Дараахь үеийн маань залуучуудаас бидэнтэй бүтээлээр өрсөлдөх залуучууд гарч ирэхгүй байна шүү дээ. Харийн нэг урсгал чиглэлийн сургаар ойлгож мэдэрсэн болоод бусдыг дууриан ямар ч уран сайхны нээлтгүй, хуурай юм бичээд “Монголын уран зохиолд урьд өмнө үзэгдээгүй шинэ зүйл бүтээлээ” гэж өөрийгөө магтах боллоо. Бидний үед чинь өөрийгөө чамлаж, өрөөл бусдаас илүү бичихийг ямагт эрмэлзэж чангардаг байлаа. Би ид бичиж байх үедээ Чойндон гуайн номыг хөдөөгийн нэг айлаас санаандгүй олж уншаад “Би ч өдий байна даа” гэж өөрийгөө чамлаж байлаа. Чойндон гуай нэрд гарсан зохиолч биш байсан ч хүний амьдралын мөн чанар, цаад утгыг нь нээн үзүүлэх талаараа гайхамшигтай ур чадвартай хүн байсан юм. Алтайн З.Гүнсэн байна. Бас л сайхан үгүүллэг олныг бичсэн зохиолч. Би бас л Гүнсэнг уншиж, түүний ур чадвараас суралцаж л байсан. Хотод дандаа сайн зохиолчид цуглаад, хөдөө дандаа муу нь хоцроод байгаа юм биш. Би хөдөө олон жил суухдаа тууж, үгүүллэгүүдээ бичиж, хотын томчуудтай өрсөлдөж байж л чангарч гарч ирсэн. “Ус уухын тавилан”, “Саран дээр туссан сүүдэр” гээд гайгүй гэсэн болгоноо Шандынхаа элстэй гудамжинд “байвантай” архитай нь нөхөрлөж явахдаа л бичсэн. Ганцхан бүтээж туурвихын халуун хүслэн зүрх сэтгэлд минь байнга сэрүүн явдаг байсан даа. Өнөөдрийн залуу зохиолчдын цээжинд түргэн алдаршихын хуурай мөрөөсөл мөнгөний хүйтэн салхинд дэрвэлзэж байх шиг байна. Энэ нь уран зохиолд хөгжил биш хямрал авчирч байна.
Нөхцөлдөн оршихуйн утга
Өнөөдөр Б.Догмидын бүтээлд сайн, муу гэж дүн тавих цаг биш. Тийм дүн тавих зай миний “сурлагын” дэвтэрт байхгүй. Миний бүтээлд тавьсан үнэлгээ багадаагүй. Би хоёр хүний үнэлгээнд сэтгэл хангалуун явдаг. Нэг нь дээр дурдсан Эрдэнэ багшийн үнэлгээ, нөгөө нь Ж.Лхагваагийн нэг үнэлгээ байдаг юм. Лхагва маань “Би бол хөөрхөн бичдэг хүн. Чи бол сайхан бичдэг зохиолч” гэж ямагт намайг үнэлдэг байсан. Энэ үнэлгээнд дүйцэх юм бүтээхийг чармайж би бичиж ирлээ. Бид хоёрын хамтдаа амсаж эдэлсэн жаргал, зовлон үдэж өнгөрүүлсэн гэрэлтэй, сүүдэртэй өдрүүд олон. Тэр бүхэн бид хоёрын зүрх сэтгэлд бодол, ухаарал болон тунаж үлдсэн. Даанч тэр минь эрт буцчихсан. Лхагва бол гайхамшигтай авъяастай, гэгээнээр мэтгээслэн гүнзгийрсэн хурц ухаантай хүн. Авъяастай хүн залхуу байдаг гэж үнэн байх. Тэр зохиол бичнэ гэж нэг их улайран сууж, зовж шаналахгүй. Нэг бариад авбал тэгж ингэсхийгээд л амжуулж орхино. Сонины нийтлэлийг ч гэсэн ямар ч согтуу байсан тэгж ингэсхийгээд бичиж орхиход сэрхийлгэсэн юм л гаргана шүү. Нэг удаа хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн агсантай хоёр согтуу юм өдөржин л дүнгэнэлдлээ. Оройхон орсон чинь ямар ч бичсэн тэмдэглэсэн юмгүй, нэг муу дэвтэр дэлгэчихсэн сууна. Би “Энэ хүн ч маргааш Түдэв эрхлэгчид хусуулахаас өөр аргагүй болох шиг байна” гэсэн шиг юм бодоод гарч одлоо. Маргааш өглөө нь “Үнэн” сонин дэлгэтэл Дамдинсүрэн гуайн тухай маш сайхан хөрөг нийтлүүлчихсэн байж билээ. Энэ мэтийг яривал олон л доо. Нэг удаа Бавуугийн Лхагвасүрэн “Сайн нөхрөө санахуй намрын салхи уйтай” гэсэн дурсамждаа намайг Лхагваагийн дэргэд “… байгаа нь харахад саяхан гарсан нойтон унага эхийгээ түшин дэнжигнэж байх шиг харагддаг” гэж ёгтлон “жижгэрүүлээд” “Догмидын хөдөөх” гэнэн баяр гунигийг зэмлэж, соргог уянгын сэрлийг нь “тэнгэрт тултал дэвэргэж явсан” гэж тэмдэглэсэн байдаг юм. Лхагваа бид хоёрт харилцан бие биенийгээ нөхцөлдүүлж, дутуу дутуугаа гүйцээх гэж мөр зэрэгцэж явсан өдрүүд байсан боловч нойтон унага, эх хоёр шиг ихэд ялгарч, Лхагваагийн уран бүтээлийн “сүү”-г шимж, “хүлэг”-ийн цээнд хүрсэн гэвэл дэгс хэрэг болно. Лхагвааг төвийн хэвлэл мэдээллийн том ажилтан байхад Догмид Сайншандын гудамжинд ажилтай, ажилгүй архичин явсан гэдгээр ялгаварлаж социалист аж төрөх ёсны үнэлэмж гэгчээр үнэлбэл ямар нэг анги давхаргын гэмээр ялгаа гарч мэднэ. Харин Лхагваа бид хоёрын хувьд хэн, хэндээ тийм ялгаа, зааг тогтоохын аргагүй уусан шингэсэн анд нөхөр, ахан дүүс байлаа. Явуухуланг дагалаа гээд яруу найрагч бүхэн Явуухулан болж төлөвшихгүйтэй адил хэрэг.
Нийгмээ шинжихүйн утга
Муу Догмидыг өнөөдөр юу зовоож байна вэ гэж чи асуух байх. Монголчууд 500 орчим жил болоод мөхөх аюул нүүрлэж магадгүй гэсэн Л.Гумилевын таамаглал байдаг. Гэвч 50 жил ч бололгүй гадаадын том гүрний эрхшээлд орох аюул нүүрлэж байна. Шөнө өдөргүй л гадаадын зээл, тусламж цутгаж, баячууд нь улам баяжсаар, ард түмэн улам ядуурсаар байгааг харах бүр сэтгэл эмзэглэх юм. Тэр их өр зээлийн төлөөсөнд газар шороо минь очих байх. Японы арал улам доошоо сууж, далайн усны түвшин жил бүр дээшилсээр 2050 он гэхэд Токио усанд живсэн байж мэдэх магадлал гарсаар байна. Тэд далайн гүнд, эсхүл агаарт хот барьж байгуулахыг зоривч санасандаа хүрч
чадсангүй. Тэгэхээр далайд живж дуусалтай биш манай руу л мөнгө хаяж байх нь илүү нааштай алхам гэдэг нь тодорхой. Эцэстээ энэ их хөрөнгө, мөнгөнийхөө оронд газар шороог минь авч сална шүү дээ. Ингэхээр монголчууд бид үүсээд байгаа байдлыг гүнзгий ойлгон мэдэрч, ухаантай алхам хийж эхлэх цаг болсон. Даяаршил нэртэй их гүрний эдийн засаг, улс төрийн явуулгыг өөртөө ашигтай эргүүлэх хэрэгтэй. Хувийн хэвшлийн харилцаа ноёлж байгаа өнөө үед нийтийн эрх ашгийг бодож алсын хараатай алхам хийж байгаа хүн ховор болж байна. Хүн ардын худалдан авах чадвар хомсдож байгааг далимдуулж, хятадын хямд үнийн бараа материалаар хэтэвчийг нь хоослох үйлдэл ихэслээ. Чанар муутай хоол хүнс хэрэглэснээс болж хүмүүсийн эрүүл мэндийн дархлаа алдагдаж, аливаа өвчний идэвхитэй хөрс бүрэлдэж байна. Энэ бүхнээс үзэхэд Японы арал далайд живэх, монгол үндэстний оршин тогтнохын баталгаа алдах хоёр хугацаа давхцаж магадгүй болчихлоо. Үүнийг хүн болгон л тал талаас нягтлан бодох хэрэгтэй юм сан. Ард түмний өмч хөрөнгийн ихэнхийг гартаа оруулсан 3000 гаруй баячуудын дураараа авирлах явдлыг хуулийн хяналтад оруулж ирмээр байна. Газрын доорхи баялгийг үрэн таран хийж, ард түмэнд ашиггүйгээр гадагш цацаж байгаа явдлыг зогсоож, төр ард түмний хяналтад бүрэн оруулахсан. Хүний эрх, эрх чөлөөг төгсөөр бүрэлдүүлэх эв нэгдлийн баталгааг хангахгүй бол нийгэм маань жижиг хямралдаа идэгдэж, анархизмын талбар болж гүйцлээ. Адгуус шиг араншинтай адал бэртэгчин босоо ороолонгууд айдас түгшүүрийн давалгааг байнга үүсгэж байна. Монгол аж төрөх ёсны хэв шинж алдагдаж, соёл иргэншлийн үнэтэй цайтай бүхэн устаж үгүй болж байна. Энэ бүхнийг хараад уран бүтээлч хүн дуугүй суух аргагүй. Зохиолч уран бүтээлч бидэнд нийгэм маань захиалга байнга өгч, аврал эрсээр байгаа нь билгийн мэлмийд өртөж, сонорт минь дуулдсаар байна шүү дээ. Бид дуу хоолойгоо хүчтэй нийлүүлэх цаг болжээ. Нийгмийн гэрэл гэгээ бүдгэрсээр байна. Яана даа, нөхөд минь.
Өөрийгөө нээх утга
Монголд над шиг хөглөрч явсан бас хүндэтгэлийн суудалд асаж үзсэн хүн ховор. Хайрлаж дурлаж, хагацаж салж, харамсаж гашуудаж, асаж дүрэлзэж явсан минь олон. Баян хүний ганц хүү торгон дээр хөлбөрч, таван настайдаа ааваараа бэр гуйлгаж, үнэтэй хөөргөөр чулуун тоглоом өрж, арав гаруутаа морины үнэтэй гаанс зууж, ёстой эрхийн тэнэг болохоор амьтан өссөн. Гэвч би ухаантай аав ээж, нутаг усныхаа түмэн олны хүчинд хүний нуруутай хүн болж, ухааныхаа хэрээр орчлонг тунгааж, савныхаа хэмжээгээр усыг нь ууж явна. Сэтгүүлч Б.Ганчимэг “Түүний хувийн амьдралын үүх түүх роман шиг санагдддаг юм. .. Салхи шиг зоргоороо омголон эр” гэж намайг тодорхойлж бичсэн байдаг. Үнэндээ ч би амьдралын хэдэргээт замаар суух суудалгүй довтолж яваа эр хүн. Миний цээжинд Монголоо шүтэн дээдлэх, амьдралыг гүнзгий ухаарч шунан дурлах, бүсгүй хүний гоо сайхан, хүсэл таашаалыг шимтэх үзэл буцалж явдаг. Тийм ч учраас би үе үе “Гоолингоо”-г аялж, бага залуудаа хонгорзул шиг сайхан хүүхэнд унан дурлаж, шүлэг зориулж, Монголын сайхан хүүхнүүдийн дүрийг мөнхөлсөн бүтээлүүдээ туурвиж чадсан гэж боддог. Дахиад ч би илүү зүйлийг бүтээнэ. Он цаг улиран өнгөрөх тутам би илүү ихийг ухаарч, улам бүр бодол минь гүнзгийрч, ямагт шинэчлэгдэж явна. Өнөөдөр залуу зохиолчид бидэн шиг бүтээж туурвиж, шунан дурлаж, өөрийн ухаанаар өндөрлөгөө буй болгож чадахгүй байж өнгөрснөө шүүмжлэх нь их болж. Зохиолчдын хорооны Удирдах зөвлөлийн хурал дээр нэг залуу зохиолч “Ахмадууд бидэнд чөдөр болж байна. Бидний хийж бүтээснийг уншигчид ойлгож мэдэж үнэлэхгүй байгаа нь ахмад нөхдийн уран бүтээлд дэндүү дасаж, түүн рүү хошуурснаас болж байна” гэж шүүмжилж байсан. Үнэхээр л үнэлэгдэе гэж бодож байгаа юм бол ахмад нөхдөөс илүү гарч харагдахаар уран сайхны нээлт хийж өндөрлөгийг нь булааж авах хэрэгтэй шүү дээ. Даамай бидний өмнө гишгэчих залуу зохиолчид одоохондоо алга. Үргэлжилсэн үгийн зохиол бичиж байгаа залуучуудын дотор миний хэдэн үгүүллэг, туужийн өмнө гарчих юм бичих хүүхэд лав ойрын жилдээ байхгүй. Би уртаашаа дөчөөд үгүүллэг бичсэн. Эдгээрийн дайтай юм бичье гэвэл дор хаяхад 30 жил ноцолдоно шүү. Энэ бол омогшрол биш, би өөрийгөө монголын уран зохиолд хаа яваагаа мэднэ. Одоогийн залуучууд том том онол ярих юм. Тун үгүй дээ, В.Распутин, Ч.Айтматов, Шукшин болон С.Эрдэнэ багш, П.Лувсанцэрэн, Д.Нямсүрэн нарыг уншчихаад үгүүлэмжийн чинад утга чанарт нэвтэрчихсэн байхад лав 50 жилдээ хаягдахгүй. Монголын уран зохиолын хөгжилд модернизм шилэгдэж, реализм хаягдталаа өдий байна. Тийм үе ирсэн ч бидний бүтээл хаягдахгүй.
2006 он
Бүлэг Бүлэггүй | Сэтгэгдэлгүй »
